Showing posts with label Жирэмслэлт. Show all posts
Showing posts with label Жирэмслэлт. Show all posts

Saturday, April 20, 2013

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТУУД



-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?
      -Жирэмсний (төрөхийн өмнөх) болон амаржсаны (төрсний дараах) тэтгэмж авах эрх нь: тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгддөг вэ?
        - Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.
 -Төрөхийн өмнөх 2 сараас өмнө жирэмсний амралтаа авч болох уу? Авбал нийгмийн даатгал яаж төлөгдөх вэ?

    -Эмнэлгийн байгууллага нь даатгуулагч эхэд эмнэлгийн хуудас олгоно. Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.
   -6 дугаар сард жирэмсний эмнэлгийн хуудсаа авах хүн 1 дүгээр сард ажлаас халагдаад үргэлжлүүлэн сайн дураараа нийгмийн даатгал төлбөл тэтгэмж олдох уу?
        -Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан тул та 1 дүгээр сард ажлаас халагдсан шийдвэр гаргуулж, өөрийн оршин суух аймаг, сум, дүүргийн ниийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалд даатгуулах тухай гэрээ байгуулан, шимтгэл төлж үргэлжлэн нийгмийн даатгалд хамрагдсанаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болно.
 -Жирэмсний өмнөх эмнэлгийн хуудсаа 2012 оны 4 дүгээр сарын 9-нд авах юм. Тэтгэмж бодоход 4 сарын цалинг оруулж тооцох уу?
    -Жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч санхүүдээ өгөх бөгөөд нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахын өмнөх шимтгэл төлсөн 12 сарын цалин хөлс, орлогыг тодорхойлон тэтгэмжийг бодно. Өөрөөр хэлбэл 2011.04.01-ний өдрөөс хойш 2012.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, орлогын дунджаас жирэмсний тэтгэмжийг бодно.
 -Би сайн дураар нийгмийн даатгал төлдөг. Хугацаанаасаа өмнө 2 сарын өмнө дутуу төрсөн юм. Энэ тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж олдох уу?
    -Хуулинд зааснаар 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Иймд Та сайн дурын даатгалын гэрээ байгуулсан харъяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бодуулж авна.
 -Би сарын өмнө төрж улмаар амаржсаны тэтгэмжээ авах гэтэл байгууллага маань нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй шалтгаанаар суутган авсан байна. Ийм хууль, дүрэм байдаг уу?
    -Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх танд хуулийн дагуу үүссэн бол та энэ тэтгэмжийг заавал авах ёстой. Энэ тэтгэмжийг ямар нэг байдлаар танд өгөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Иймд та дэлгэрэнгүй мэдээлэл өгч бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих утас 1289, 328030-606, эсвэл нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө гаргаж болно.
 -Жирэмсний эмнэлгийн хуудсаа 3 сарын 1-нд авна. Авахаасаа өмнө ээлжийн  амралтаа аваад 1 сард нь амралтын мөнгөө авсан тохиолдолд ажиллаагүй амарсан сараа яах вэ?
       -Та 1 сард ээлжийн амралтаа авах хүртэл хугацааны цалингаас таны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож 1 сард төлүүлэх ба амралт сар дамнаж байгаа тохиолдолд 2 дугаар сард ногдох цалингаас нийгмийн даатгалын шимтгэл бодож 2 сард төлөгдсөн гэж үзэн НДДэвтэрт бичигдэнэ. Ээлжийн амралттай байх хугацааг тасарсан гэж үзэхгүй. Учир нь тухайн ажилтан амралтын мөнгө гэж орлого олж байгаа тул тэр дүнд ногдох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. Жишээ нь: Багш нар 6 сард амралтын цалингаа бөөнд нь авдаг боловч 7, 8 сард тараах буюу ээлжийн амралт гэж бичдэг юм. Энэ талаар өөрийн байгууллагын нягтлан бодогчтой сайн ярилцаж дээр дурдсанаар зохицуулах нь зүйтэй. Мөн танай байгууллагын нягтлан бодогчийг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авч хамтарч ажиллахыг зөвлөж байна. Баярлалаа.
 -Төрөхийн өмнөх эмнэлгийн хуудсыг хэзээ бичдэг вэ? Хугацаанаас өмнө ба хойно бичиж болох уу? Бичсэнээс хойш хэд хоногийн дотор нийгмийн даатгалын газарт өгөх вэ?
       - Даатгуулагч эхэд эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор, амаржсаны дараа 30 хоногийн дотор тус тус олгоно.  Даатгуулагч эх эмнэлгийн хуудсыг ажил олгогчийн хүний нөөцийн ажилтанд авчирч өгөх ба ажил олгогч эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагатай тэтгэмжийн тооцоо хийдэг.  Баярлалаа.
 -2009 онд түр тушаалтай ажиллаж байгаад чөлөө авч хүүхдээ 2 нас хүртэл асарч байна. Миний нийгмийн даатгалыг төрөхөөс өмнө ажиллаж байсан газар хариуцах уу?
       -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-т "тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа"-г шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог. Иймд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7.5 хувиар /Тэтгэвэрийн санд 7.0, тэтгэмжийн сан 0.5 хувь/ тооцон төлнө.
-Огт ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол тэтгэмж олдох уу?
    -Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй юм.
 -Төрсний дараа хэдий хугацааны дотор ажилдаа орох ёстой вэ?
    -Хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг  өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно"... Мөн хуулийн 106.2-т "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан,  ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө" гэж заасан.
    -Солонгос улс руу явж төрөх гэж байгаа эх төрсний дараах эмнэлгийн хуудсаа ямар журмаар бичүүлж авах вэ?
        -Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 онд баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2 дахь хэсгийн 2.1.5-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангасан эх гадаад оронд түр хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд тухайн орны эмнэлгийн байгууллагын жирэмсэн, амаржсаны тодорхойлолтыг үндэслэн уг эхийг харьяалах Эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн хуудас олгож болно гэж заасан. Үүний дагуу БНСУ-ын эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн харьяалах эрүүл мэндийн төвөөс бичүүлэн авах боломжтой.
-Би 2011.08.01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгал төлж эхэлсэн. Одоо 7 сартай жирэмсэн. Энэ хугацаанд бие өвдөөд 2012 оны 3,4 сард даатгалаа төлөөгүй. Сайн дураараа нөхөж төлж болох уу ?
     -Та 2011 оны 8 сараас эхлэн тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой байжээ. Харамсалтай нь 2012 оны 3, 4 сард нийгмийн даатгалд хамрагдаагүй завсардсанаар сүүлийн 6 сард шимтгэл төлөх хугацаа тасарсан байх тул тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.
   -Цэргийн албан хаагч эмэгтэй жирэмсний амралт авсан. Хүүхдээ асрах хугацааны ЭМД-ыг хэрхэн бөглөх вэ ?
       -Цэргийн албан хаагчдын хувьд зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлдөг бөгөөд та жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй чөлөөтөй байх 4 сарын хугацаанд ажил олгогч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 хувиар төлнө. Хэрвээ та хүүхдээ асрах чөлөө авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг тул харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж баталгаажуулан авах боломжтой.
 -Ажилтны эмнэлгийн хуудсыг хүний нөөцийн ажилтан бөглөхдөө нийт ажилласан хугацааг бичих үү? Тухайн байгууллагад ажилласан хугацааг бичих үү?
    -Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан тухайн даатгуулагчийн эмнэлгийн хуудсанд шимтгэл төлж ажилласан нийт хугацааг бичнэ.
 -Жирэмсний амралтаа 9 сард авах ёстой юм. 8 дугаар сард хэвтэрийн дэглэм барих гээд акт авсан. 8 сард өвчтэй улмаас нийгмийн даатгал төлөх боломжгүй тул яах вэ ?
     -Та 9 сард жирэмсний амралт авах боловч 8 сард хэвтрийн дэглэм сахих бол Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэн авч 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг танай байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх учиртай. Иймд шимтгэл тасралтгүй төлөгдөх тул та 9 сард жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой.
 -Эмнэлгийн хуудас бичүүлж аваад шууд ажлаа хийхээ зогсоох ёстой юу? 1-2 долоо хоног ажиллаж болох уу ?
    -Жирэмсний эмнэлгийн хуудсыг амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор бичүүлэн авах бөгөөд эмнэлгийн хуудсаа бичүүлсэн л бол уг хугацаанаас эхлэн амралтаа авах нь зүйтэй.
 -Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаад 7 сараас ажлаасаа чөлөөлөгдөөд сайн дурын даатгал төлж байгаад 10 сард жирэмсний чөлөөгөө авсан тохиолдолд тэтгэмжийг 70 хувиар бодох уу? 100 хувиар бодох уу?
    -Та сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад жирэмсний амралтаа авсан тул таны тэтгэмжийг 70 хувиар бодож 4 сарын хугацаанд олгоно.
Б.Туул

Жирэмсний гурав дах гурван сард дах үзлэг




Жирэмсний сүүлийн гурван сард буюу 28- 36 долоо хоногт хоёр долоо хоног тутамд үзлэг хийдэг. Харин үүнээс хойш бол долоо хоногт нэг удаа болж зай нь ойртдог байна. Жирэмсний энэ үеийн үзлэгт төрөх хугацаа ойртож байгаатай холбоотойгоор байнгын үзлэг, жирэмсний хожуу үеийн шинжилгээнүүд болон төрөлтийн тухай ярилцлага зэрэг ордог. Эдгээр үзлэгийн үед дараах зүйлсийг хийх болно:

Танд юу мэдрэгдэж байгааг асууна

Юуны өмнө эмч танаас юу хийж байгааг, танд ямар мэдрэмж төрж байгаа талаар болон сүүлийн үзлэгээс хойш ямар өөрчлөлт үр дүн гарсан талаар асууна. Мөн түрүүчийн үзлэгээс хойш өгсөн шинжилгээний хариунуудыг үзнэ. Танд хавагнах, толгой өвдөх, болон бусад ямар нэгэн зовиур байгаа эсэх талаар асууна. Хэдийгээр тэр асуугаагүй боловч танд байгаа амархан ядрах, сэтгэл хөдлөл, болон зарим өвдөлтийн шинж тэмдэгүүдийн талаар төсөөлж байдаг.

Таны хүүхдийн хөдөлгөөний тухай асуулт
Эмч танаас таны хүүхэд хоногт хэдэн удаа хөдлөж байгааг асууна, мөн хэрэв таны хүүхдийн хөдөлгөөн хэвийн үеийнхээс цөөрвөл холбоо барихыг сануулна. Тэрээр таныг хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарал тавьж байхыг зөвлөхийн зэрэгцээ хүүхдийнхээ хөдөлгөөнийг өдөр бүр товлосон хугацаанд тоолж байхыг анхааруулах болно.

Бодит үзлэг Жирэмсний хоёр дах гурван сарынх шиг таны жин болон цусны даралтыг үзнэ. Эмч танаас шээсний шинжилгээ өгсөн эсэхийг асууж түүнд преэклампсийн шинж тэмдэг, шээсний замын халдвар болон бусад өөрчлөлт байгаа эсэхийг үзнэ. Таны нүүр, шагай, хөлийн шилбэнд хаван байгааг шалгана. Эмч таны хүүхдийн зүрхний цохилтыг чагнаж умайг тэмтрэн үзэж хүүхдийн хэмжээг баримжаална. Мөн ёроолын өндөр болон хэвлийн тойргийг хэмжиж үзэн таны хүүхдийн жирэмсний нас болон түрүүчийн үзлэгийн үеэс аль хир томорсоныг тогтооно. Хэрэв байх ёстой хэмжээнээс том эсвэл жижиг байвал хэт авиан шинжилгээгээр түүний өсөлт болон ураг орчмын шингэний хэмжээг тодорхойлно. Жирэмсний 32 долоо хоногоос хойш хүүхдийн байрлал харьцангуй тогтвортой болдог тул таны хүүхэд толгой доошоо харж байрласан байна уу?өгзөг нь доошоо харж байрласан байна уу? гэдгийг тогтооно. Хэрэв таны төрөх хугацаа ойртсон бол эмч дотуур үзлэг хийж умайн хүзүүний зөөлөрөлт, богиносолт, нээгдэлт зэргийг үздэг. Энэ үед мөн таны хүүхдийн доошлолт болон аарцгийн хөндийд хир зэрэг суусныг тодорхойлох болно.

Хэрэв шаардлагатай бол Rh-иммуноглобулин тарина
Хэрэв та Rh-сөрөг цустай харин танай нөхөр Rh-эерэг цустай бол жирэмсний 28 долоо хоногтойд цусанд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээний үндсэн дээр Rh- эесрэг цустай хүүхдэд цус задрах хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор ээжид нь Rh-иммуноглобулин таридаг.

Стрептококк В гийн халдвар илрүүлэх шинжилгээ
Жирэмсний 35аас 37 хоногийн хооронд эмч таны үтрээ болон шулуун гэдэснээс Стрептококк В бүлгийн нян илрүүлрэх шинжилгээ хийнэ. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал төрөлтийн явцад урагт халдвар дамжихаас урьдчилан сэргийлж антибиотик эмчилгээ хийдэг.

 Бусад шаардлагатай шинжилгээнүүдийн талаар ярилцана
 Жирэмсний гурав дах гурван сарын хугацаанд дараах шинжилгээнүүдийг өгөх шаардлага гарч болно. Үүнд:
• Хэрэв танд жирэмсэн үеийн диабет байж магадгүй гэсэн эргэлзээ байвал цусанд сахарын түвшин тодорхойлох шинжилгээ хийнэ.
• Цусны шинжилгээг дахин өгч цус багадалт болон бусад өөрчлөлт байгаа эсэхийг тодруулна.
• Хэрэв танд бэлгийн замын халдвар байх эрсдэлтэй бол шинжилгээг давтан хийнэ.
• Хэрэв жирэмсний түрүүчийн хэт авиан шинжилгээнд ихэс түрүүлэлт болон ихэс доор байрласан болох нь тогтоогдож байсан бол дахин харуулна.
• Хэрэв та өндөр эрсдэлтэй жирэмсэн эсвэл эмч ургийн хэвийн өсөлт хөгжилтийн талаар тодруулах шаардлагатай гэж үзвэл хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэг зэрэг шинжилгээнүүдийг үечилсэн байдлаар давтан хийж болно.
• Хэрэв таны жирэмсний явц хэвийн байсан боловч төрөх хугацаа өнгөрсөн бол таны хүүхэд хэвийн байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. 40 өөс 41 долоо хоногийн хооронд ургийн зүрхний бичлэг хийхээс гадна хэт авиан шинжилгээгээр ураг орчмын шингэний хэмжээг тогтооно. Эдгээр шинжилгээг долоо хоногт хоёр удаа хийдэг бөгөөд ямар нэгэн өөрчлөлт байхгүй байвал төрөх үйл ажиллагаа өөрөө эхлэхийг хүлээх болно. Хэрэв төрөх үйл ажиллагаа эхлэлгүй жирэмсний 42 долоо хоног болвол төрөлт сэдээлт хийж төрөлтийг эхлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болно. Жирэмсний энэ хугацаанаас хэтэрвэл таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд үүсч болох эрсдэл нэмэгдэнэ.

Жирэмсний явцын талаар зөвлөгөө өгнө
Хэрэв эмч танд энэ гурван сарын эхний үед тохиолдож болох дутуу төрөлт, преэклампси зэргийн үед гарч болох шинж тэмдэгүүд болон бусад анхаарал татах шинж тэмдэгүүдийн тухай хэлж өгөөгүй байгаа бол тайлбарлаж өгнө. Мөн тэрээр таны биед гарч болох хэвийн өөрчлөлтийн тухай болон ямар тохиолдолд өөртэй нь холбоо барих, нэмэлт шинжилгээ өгөх шаардлага гарах тухай тантай ярилцана. Хэрэв таны төрөх хугацаа ойртсон бол төрөлт эхлэх шинж тэмдэгүүдийн тухай болон юу бэлдэх, хэдийд эмнэлэгт ирэх талаар зөвлөгөө өгнө.

Төрөлтийн талаарх асуулт хариулт
Энэ үед таны удаан үргэлжилсэн жирэмсэн үеийн төгсгөлийн хугацаа болж байгаа тул төрөлтийг ямар замаар явуулах тухай урьдчилсан төлөвлөгөө гарсан байдаг. Тухайлбал та өмнө нь кесар мэс заслаар төрж байсан бол хэдийд эмнэлэгт хэвтэх болон хагалгаанд орж болох талаар урьдчилан төлөвлөдөг. Мөн та төрөлтийн талаарх сонирхсон асуултандаа хариулт аваарай.

Төрсний дараах үеийн тухай ярилцана
Төрсний дараа ямар бэлтгэл хэрэгтэй болон хүүхдээ хөхөөр хооллох, жирэмслэлтээс сэргийлэх ямар арга хэрэглэж болох талаар одооноос бодож байхад илүүдэхгүй. Хэрэв та хүүхдийн эмч олоогүй байгаа бол эмч танд зарим нэр санал болгож магадгүй.

Жирэмсний үед юу хийж болохгүй вэ?


  • Жирэмсэн хүн хэзээ ч бөхийж сууж болохгүй. Мөн газраас тонгойж юм авахыг хориглоно. Ялангуяа жирэмсний хоёр дахь триместрээс хойш. Учир нь бөхийх үед савны доторх зай багасч урагт шахалт үзүүлдэг байна. Тийм учраас бөхийх үйлдэл удаа дараа хийснээр хүүхдийн төрөлтийн байрлал буюу толгой түрүүлсэн байрлал солигдож хүүхэд хөндлөн байрлах, тэр ч байтугай өгзөг түрүүлсэн байрлалд орох аюултай. Явах үедээ ч нурууг ямагт тэгш байрлалд авч явах нь зүйтэй юм.
  •  Жирэмсний 5, 6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй. Учир нь дээшээ харж удаан хэвтэх нь дараах сөрөг үр дагавартай. Юуны өмнө хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэнэ. Улмаар хүүхэд томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг ихсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай. Мөн дараагийн нэг сөрөг тал нь 6 сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирдэг, улмаар нуруу өвдөнө.(Би эхний хүүхэд дээрээ энэ мэтийг мэдэхгүй байсан бөгөөд 8 сартайд нуруу их өвдөж байсныг санадаг. Тэр үед эмч нар ч үүнийг хэлдэггүй, энэ талаар унших юм ч алга байсан) Тийм учраас жирэмсэн үеийн хамгийн зөв байрлал бол хажуу талаараа хэвтэж, хөлдөө дэр хавчуулах явдал. Гэхдээ баруун тийшээ харж удаан хэвтвэл зүрхэнд ачаалал өгдөг тул зүүн тийшээ харж хэвтэх нь дээр. Ялангуяа зүрх өвддөг ээжүүд. Одооны миний туршлагаас харахад дан зүүн тийшээ харж удаан хэвтэхэд мөр хөл чилдэг тул шөнөдөө зүүн баруун талдаа хоёр том дэр тавиад ээлжлэн хоёр тийшээ эргэж унтах л зөв санагдана. Яахав өдрийн цагаар амрахаар хэвтэх үедээ зүүн тийшээ харж хэвтэхэд амар байдаг.
  • Жирэмсэн эмэгтэй нэг байрлалд удаан сууж болохгүй. Өөрөөр хэлбэл суулт удааширснаар эмэгтэйн цусны эргэлт удааширч улмаар урагт очих хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодис сааталд ордог байна. Үүний улмаас умайн булчин чангарах буюу тонус өгөх, хөлд хаван үүсэх, ууц нуруу чилэх асуудал бий болно. Тиймээс 30 минут тутамд байрлалаа өөрчлөх, босч алхах, дасгал хийх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ялангуяа удаан үргэлжилсэн онгоцны нислэгийн үеэр аль болох босч явж байхыг гадаад эмч нар зөвлөдөг юм билээ. Хэрэв босч явах боломжгүй бол ядаж хөл, шагай, хүзүү, гараа эргүүлэх дасгал хийж биен дэх цусан хангамжийг бага ч гэсэн түргэсгэх шаардлагатай.
  •  
  • http://beleg.blog.gogo.mn/read/entry208186