Saturday, April 20, 2013

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТУУД



-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?
      -Жирэмсний (төрөхийн өмнөх) болон амаржсаны (төрсний дараах) тэтгэмж авах эрх нь: тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгддөг вэ?
        - Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.
 -Төрөхийн өмнөх 2 сараас өмнө жирэмсний амралтаа авч болох уу? Авбал нийгмийн даатгал яаж төлөгдөх вэ?

    -Эмнэлгийн байгууллага нь даатгуулагч эхэд эмнэлгийн хуудас олгоно. Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.
   -6 дугаар сард жирэмсний эмнэлгийн хуудсаа авах хүн 1 дүгээр сард ажлаас халагдаад үргэлжлүүлэн сайн дураараа нийгмийн даатгал төлбөл тэтгэмж олдох уу?
        -Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан тул та 1 дүгээр сард ажлаас халагдсан шийдвэр гаргуулж, өөрийн оршин суух аймаг, сум, дүүргийн ниийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалд даатгуулах тухай гэрээ байгуулан, шимтгэл төлж үргэлжлэн нийгмийн даатгалд хамрагдсанаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болно.
 -Жирэмсний өмнөх эмнэлгийн хуудсаа 2012 оны 4 дүгээр сарын 9-нд авах юм. Тэтгэмж бодоход 4 сарын цалинг оруулж тооцох уу?
    -Жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч санхүүдээ өгөх бөгөөд нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахын өмнөх шимтгэл төлсөн 12 сарын цалин хөлс, орлогыг тодорхойлон тэтгэмжийг бодно. Өөрөөр хэлбэл 2011.04.01-ний өдрөөс хойш 2012.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, орлогын дунджаас жирэмсний тэтгэмжийг бодно.
 -Би сайн дураар нийгмийн даатгал төлдөг. Хугацаанаасаа өмнө 2 сарын өмнө дутуу төрсөн юм. Энэ тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж олдох уу?
    -Хуулинд зааснаар 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Иймд Та сайн дурын даатгалын гэрээ байгуулсан харъяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бодуулж авна.
 -Би сарын өмнө төрж улмаар амаржсаны тэтгэмжээ авах гэтэл байгууллага маань нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй шалтгаанаар суутган авсан байна. Ийм хууль, дүрэм байдаг уу?
    -Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх танд хуулийн дагуу үүссэн бол та энэ тэтгэмжийг заавал авах ёстой. Энэ тэтгэмжийг ямар нэг байдлаар танд өгөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Иймд та дэлгэрэнгүй мэдээлэл өгч бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих утас 1289, 328030-606, эсвэл нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө гаргаж болно.
 -Жирэмсний эмнэлгийн хуудсаа 3 сарын 1-нд авна. Авахаасаа өмнө ээлжийн  амралтаа аваад 1 сард нь амралтын мөнгөө авсан тохиолдолд ажиллаагүй амарсан сараа яах вэ?
       -Та 1 сард ээлжийн амралтаа авах хүртэл хугацааны цалингаас таны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож 1 сард төлүүлэх ба амралт сар дамнаж байгаа тохиолдолд 2 дугаар сард ногдох цалингаас нийгмийн даатгалын шимтгэл бодож 2 сард төлөгдсөн гэж үзэн НДДэвтэрт бичигдэнэ. Ээлжийн амралттай байх хугацааг тасарсан гэж үзэхгүй. Учир нь тухайн ажилтан амралтын мөнгө гэж орлого олж байгаа тул тэр дүнд ногдох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. Жишээ нь: Багш нар 6 сард амралтын цалингаа бөөнд нь авдаг боловч 7, 8 сард тараах буюу ээлжийн амралт гэж бичдэг юм. Энэ талаар өөрийн байгууллагын нягтлан бодогчтой сайн ярилцаж дээр дурдсанаар зохицуулах нь зүйтэй. Мөн танай байгууллагын нягтлан бодогчийг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авч хамтарч ажиллахыг зөвлөж байна. Баярлалаа.
 -Төрөхийн өмнөх эмнэлгийн хуудсыг хэзээ бичдэг вэ? Хугацаанаас өмнө ба хойно бичиж болох уу? Бичсэнээс хойш хэд хоногийн дотор нийгмийн даатгалын газарт өгөх вэ?
       - Даатгуулагч эхэд эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор, амаржсаны дараа 30 хоногийн дотор тус тус олгоно.  Даатгуулагч эх эмнэлгийн хуудсыг ажил олгогчийн хүний нөөцийн ажилтанд авчирч өгөх ба ажил олгогч эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагатай тэтгэмжийн тооцоо хийдэг.  Баярлалаа.
 -2009 онд түр тушаалтай ажиллаж байгаад чөлөө авч хүүхдээ 2 нас хүртэл асарч байна. Миний нийгмийн даатгалыг төрөхөөс өмнө ажиллаж байсан газар хариуцах уу?
       -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-т "тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа"-г шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог. Иймд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7.5 хувиар /Тэтгэвэрийн санд 7.0, тэтгэмжийн сан 0.5 хувь/ тооцон төлнө.
-Огт ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол тэтгэмж олдох уу?
    -Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй юм.
 -Төрсний дараа хэдий хугацааны дотор ажилдаа орох ёстой вэ?
    -Хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг  өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно"... Мөн хуулийн 106.2-т "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан,  ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө" гэж заасан.
    -Солонгос улс руу явж төрөх гэж байгаа эх төрсний дараах эмнэлгийн хуудсаа ямар журмаар бичүүлж авах вэ?
        -Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 онд баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2 дахь хэсгийн 2.1.5-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангасан эх гадаад оронд түр хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд тухайн орны эмнэлгийн байгууллагын жирэмсэн, амаржсаны тодорхойлолтыг үндэслэн уг эхийг харьяалах Эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн хуудас олгож болно гэж заасан. Үүний дагуу БНСУ-ын эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн харьяалах эрүүл мэндийн төвөөс бичүүлэн авах боломжтой.
-Би 2011.08.01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгал төлж эхэлсэн. Одоо 7 сартай жирэмсэн. Энэ хугацаанд бие өвдөөд 2012 оны 3,4 сард даатгалаа төлөөгүй. Сайн дураараа нөхөж төлж болох уу ?
     -Та 2011 оны 8 сараас эхлэн тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой байжээ. Харамсалтай нь 2012 оны 3, 4 сард нийгмийн даатгалд хамрагдаагүй завсардсанаар сүүлийн 6 сард шимтгэл төлөх хугацаа тасарсан байх тул тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.
   -Цэргийн албан хаагч эмэгтэй жирэмсний амралт авсан. Хүүхдээ асрах хугацааны ЭМД-ыг хэрхэн бөглөх вэ ?
       -Цэргийн албан хаагчдын хувьд зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлдөг бөгөөд та жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй чөлөөтөй байх 4 сарын хугацаанд ажил олгогч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 хувиар төлнө. Хэрвээ та хүүхдээ асрах чөлөө авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг тул харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж баталгаажуулан авах боломжтой.
 -Ажилтны эмнэлгийн хуудсыг хүний нөөцийн ажилтан бөглөхдөө нийт ажилласан хугацааг бичих үү? Тухайн байгууллагад ажилласан хугацааг бичих үү?
    -Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан тухайн даатгуулагчийн эмнэлгийн хуудсанд шимтгэл төлж ажилласан нийт хугацааг бичнэ.
 -Жирэмсний амралтаа 9 сард авах ёстой юм. 8 дугаар сард хэвтэрийн дэглэм барих гээд акт авсан. 8 сард өвчтэй улмаас нийгмийн даатгал төлөх боломжгүй тул яах вэ ?
     -Та 9 сард жирэмсний амралт авах боловч 8 сард хэвтрийн дэглэм сахих бол Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэн авч 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг танай байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх учиртай. Иймд шимтгэл тасралтгүй төлөгдөх тул та 9 сард жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой.
 -Эмнэлгийн хуудас бичүүлж аваад шууд ажлаа хийхээ зогсоох ёстой юу? 1-2 долоо хоног ажиллаж болох уу ?
    -Жирэмсний эмнэлгийн хуудсыг амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор бичүүлэн авах бөгөөд эмнэлгийн хуудсаа бичүүлсэн л бол уг хугацаанаас эхлэн амралтаа авах нь зүйтэй.
 -Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаад 7 сараас ажлаасаа чөлөөлөгдөөд сайн дурын даатгал төлж байгаад 10 сард жирэмсний чөлөөгөө авсан тохиолдолд тэтгэмжийг 70 хувиар бодох уу? 100 хувиар бодох уу?
    -Та сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад жирэмсний амралтаа авсан тул таны тэтгэмжийг 70 хувиар бодож 4 сарын хугацаанд олгоно.
Б.Туул

No comments:

Post a Comment